БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2018-10-03

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар180                            

Барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын  тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар  зүйлийн 33.1.18 дахь  заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Барилга байгууламжийн хувийн хэрэг”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Барилга байгууламжийн хувийн хэрэг, түүнийг хөтлөх журмыг мөрдөж ажиллахыг барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарт, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Барилга байгууламжийн хувийн хэрэг, түүнийг хөтлөх журмыг хэвлэн олшруулах, холбогдох байгууллагад хүргүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Занабазар/-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                            Г.МӨНХБАЯР

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3671 дугаарт бүртгэв.

 

 Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 180 дугаар тушаалын 1 дүгээр  хавсралт

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь барилга байгууламжийн талаарх мэдээллээр хэрэглэгч, худалдан авагч, түрээслэгчийг хангах, барилга байгууламжийн хувийн хэрэгт байх зүйлсийн бүрдүүлбэрийг тогтоох, эдэлгээний хугацаанд тухайн барилга байгууламжид хийгдсэн өргөтгөл, өөрчлөлт, шинэчлэл, их засвар, үзлэг шалгалт,  түүнд гарсан эвдрэл, гэмтэл, согогыг бүртгэж, барилга байгууламжийн хувийн хэргийг  хөтлөхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад  оршино.

1.2.Барилгын тухай хуулийн 4.1.1-д заасан "барилга байгууламж" гэсэн тодорхойлолтод хамаарагдах , Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдсан, бүх төрлийн барилга байгууламжийн /гадаад улс, олон улсын  байгууллага, гадаадын иргэдийн өмчийн болон тэдний мэдлийнхээс бусад/ хувийн хэргийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр  заавал хөтөлнө.

1.3.Барилга байгууламжийн хувийн хэрэг нь тухайн барилга байгууламжийн эдэлгээний хугацаанд хийгдсэн өргөтгөл, өөрчлөлт, шинэчлэл, их засварын ажил, үзлэг шалгалт, гарсан эвдрэл, гэмтэл, согогын талаарх мэдээлэл, уг барилга байгууламжийн үндсэн  үзүүлэлтийг агуулсан баримт бичиг байна.

1.4.Барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөхөд Барилгын тухай, Орон сууцны тухай хууль, энэхүү журам болон холбогдох бусад эрх зүйн актуудыг мөрдөнө.

1.5.Иргэний хуулийн 89-90 дүгээр зүйлд заасан этгээд нь барилга байгууламжийн  эзэмшигч, 100 дугаар зүйлд заасан этгээд нь барилга байгууламжийн өмчлөгч байна. 

1.6.Өмчлөгч, эзэмшигч  нь барилга байгууламжийг ашиглалтад орох үед барилга байгууламжийн хувийн хэргийг нээж, түүнд энэ журамд заасны дагуу  хувийн хэрэг, холбогдох хавсралт материалууд болон барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлэн хөтөлж  барилга байгууламжийн эдэлгээний  хугацаанд  хадгална.

1.7.Барилгын тухай хуулийн 32.1.6-д заасны дагуу Засгийн газраас баталсан "Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм"-д нийцүүлж, энэ журмын дагуу барилга байгууламжийн хувийн хэргийг баяжуулж, хадгалах  үүргийг тухайн барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч хүлээнэ.

1.8.Өмчлөгч, эзэмшигч нь  хувийн хэрэг хөтлөгдөж байгаагүй хуучин  барилга байгууламжид тусгай зөвшөөрөл бүхий  зураг төслийн байгууллагатай гэрээ байгуулан холбогдох үзүүлэлтийг дахин тооцуулах, мэргэжлийн  дүгнэлт гаргуулах, хэмжилтийн зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлж,  түүнийг үндэслэн хувийн хэргийг нөхөн хөтөлж, баяжуулалт хийнэ.

Хоёр. Барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагаа

2.1.Өмчлөгч, эзэмшигч нь  барилга байгууламжийг ашиглалтад орох үед түүний хувийн хэргийг нээж хөтлөн эдэлгээний хугацаанд түүнд өргөтгөл, шинэчлэл, их засвар, үзлэг, шалгалт хийсэн, зориулалтыг өөрчилсөн, эвдрэл, гэмтэл, согог гарсан, сервитут тогтоосон, буулгасан тохиолдолд хувийн хэрэгт    баяжуулалт хийнэ.

2.2. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 180-р тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн хувийн хэрэг”-т заасан доорх бүрдэл  хэсгээр хувийн хэргийг хөтлөх бөгөөд түүнд заасан холбогдох үзүүлэлтүүдийг барилга байгууламж нэг бүрд тодорхойлж  тэмдэглэнэ. Үүнд:

2.2.1.барилга  байгууламжийн  үндсэн мэдээлэл;

2.2.2.барилга байгууламжид хийсэн үзлэг, шалгалтын тэмдэглэл;

2.2.3.барилга байгууламжид хийсэн их засвар, өргөтгөл, өөрчлөлт, шинэчлэлийн талаарх тэмдэглэл;

2.2.4.барилга  байгууламжийн дахин үнэлгээ;

2.2.5.ашиглалтын явцад гарсан  эвдрэл, гэмтэл, согогийн тухай тэмдэглэл;

2.2.6.барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөлтийн байдал;

2.2.7.барилга  байгууламжийн холбогдолтой баримт бичгийн жагсаалт.

2.3.Өмчлөгч, эзэмшигч нь барилга байгууламжийн хувийн хэргийг хөтлөхдөө дараах зарчим, дарааллыг баримтална. Үүнд: 

2.3.1.Барилга байгууламжийг ашиглалтад анх хүлээж авахдаа түүний талаарх  үндсэн мэдээлэл, зураг төсөлд заагдсан бусад өгөгдлүүдийг захиалагч байгууллагаар   хувийн хэрэгт нь  бичүүлж, түүний үнэн зөвийг  нягталж шалгана.

2.3.2.Хуучин барилга байгууламжийн хувийн хэргийг нөхөж хөтлөхдөө  тухайн барилга байгууламжийн батлагдсан зураг төсөл, холбогдох акт баримт, дүгнэлтийг  үндэслэнэ. Хэрвээ газар хөдлөлтийг тэсвэрлэх арга хэмжээ зураг төсөлд нь тусгагдаагүй байвал  тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн байгууллагатай гэрээ байгуулан барилга байгууламж, түүний хийц  бүтээцийн чанар байдлыг шалгуулж, дүгнэлт гаргуулан газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг тогтоолгож, түүнийг үндэслэн холбогдох үзүүлэлтийг хувийн хэрэгт тодорхой тэмдэглэнэ.

2.3.3.Барилга байгууламжийн эдэлгээний хугацаанд хийгдэх үзлэг, шалгалтыг "Барилга, байгууламжийн ашиглалтын дүрэм", "Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм"-д заасны дагуу гүйцэтгэж, хийгдсэн үзлэг, шалгалтын талаарх дүгнэлт, дэлгэрэнгүй  материалыг холбогдох мэдээллийн хамт  хувийн хэрэгт тэмдэглэж, хадгална. Түүнчлэн барилгын үндсэн хийц бүрд  гүйцэтгэсэн үзлэг, хийц бүтээцийн чанар байдалд өгсөн үнэлгээний талаар  бичиж тэмдэглэнэ.

2.3.4.Барилгын улсын хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, улсын байцаагчаас өгсөн албан шаардлага, дүгнэлт, түүний дагуу авсан арга хэмжээ, түүнчлэн барилга байгууламжид хамгаалалтын горим, сервитут тогтоосон, чанар аюулгүй байдлын түвшингээр паспортжуулж, ашиглалтын гэрчилгээ олгосон, эдэлгээний хугацаа дууссан үед цаашид ашиглахаар шийдвэрлэсэнтэй холбоотой  бусад  мэдээлэл, шийдвэрийн талаар тодорхой  бичиж тэмдэглэнэ.      

2.3.5.Барилга байгууламжийн их засвар, өргөтгөл, өөрчлөлт, шинэчлэлтийн боловсруулагдсан зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэл,  түүнд зарцуулсан хөрөнгө, чанар байдлын тухай хувийн хэрэгт бичиж , ил далд ажлын акт зэрэг холбогдолтой бичиг баримтыг хувийн хэргийн хавтаст хийж, баримт бичгийн  жагсаалтад бүртгэнэ.

2.3.6. Барилга байгууламжид гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн /газар хөдлөлт, гал түймэр, үер ус, хүчтэй салхи, шуурга гэх мэт/ улмаас ашиглалтын хугацаанд гарсан эвдрэл, гэмтэл согог, түүнээс шалтгаалан ашиглалтгүй байсан хугацаа, түүнийг хэрхэн зассан, тэдгээрийн огноог бичиж тэмдэглэнэ. Засаж сайжруулсан, хүчитгэсэн, бэхэлсэн ажлын зураг төслийг хувийн хэрэгт хавсаргаж хадгална.

2.3.7.Барилга байгууламжид  дахин үнэлгээ хийсэн байгууллагаас гаргасан шийдвэрийн огноо, дугаар, хийсэн үнэлгээний талаархи мэдээллийг бичиж,  үнэлгээний тайланг хувийн хэрэгт хавсаргаж хадгална.

Гурав. Бусад

3.1.Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

холбогдох мэдээллийн хамт  хувийн хэрэгт тэмдэглэж, хадгална. Түүнчлэн барилгын үндсэн хийц бүрд  гүйцэтгэсэн үзлэг, хийц бүтээцийн чанар байдалд өгсөн үнэлгээний талаар  бичиж тэмдэглэнэ.

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР